



Дэлхийн дулаарал, хар тамхи, хуурамч эмийн үйлдвэрлэлийн эсрэг олон улсын хэмжээний тэмцэлд эсвэл хөгжиж буй орны хүмүүстээ наад захын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чадавхийн түвшинг тодорхойлоход ганц 6 оронтой код ямар нөлөө, үүрэгтэйг төсөөлөхөд бэрх юм.
Харин 1970-аад оны эхээр маш чадвартай олон улсын экспертүүд Бруссель дахь Дэлхийн Гаалийн Байгууллага /ДГБ/-д нэг баг болон улс орнуудад улсын хилээр нь нэвтэрч буй бараанд хяналт тавих боломжийг бий болгосон барааны жагсаалтын системийг боловсруулсан. Энэ жагсаалтгүйгээр үндэсний олон хууль, тогтоомжууд, олон улсын конвенциудын хэрэгжилтийг хангах боломжгүй.
Олон улсын худалдаа илүү нарийн ээдрээтэй болох тусам, засгийн газрууд гаалийн байгууллагаас илүү үр дүнтэй ажиллахыг шаардаж, улс үндэстнүүд эгнээ дарааллан ДГБ-ын БТКУС-ийн Жагсаалтыг хууль сахилтыг хангах тулгуур багана болгож эхэлсэн. Худалдааны хөгжил, дэвшил, хил дамнасан гэмт хэргүүд БТКУС-ийн Жагсаалтыг зөвхөн нэг орны "алим" нөгөө оронд "жүрж" гэж нэрлэгддэггүй гэдгийг ялгах зорилгоор хэрэглэдэггүйг батлан харуулж байна.
Хил дээр авто замаар тээвэрлэгдэж ирсэн ачааг шалгаж буй байцаагчийн хувьд энэ систем нь ажлыг нь хөнгөвчлөх чухал мэдээлэл бөгөөд улмаар тухайн бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой шаардлагатай лиценз, зөвшөөрлийн талаар эрэн сурвалжилж, судлах шаардлагагүйгээр худалдаанд оролцогчдын цагийг нь хэмнэх ач холбогдолтой.
Уялдуулсан систем нь олон улсад Хэсэг, Бүлэг, Зүйлийн түвшинд адил бүтэц, зохион байгуулалттай ашиглагддаг нь олон улсын байгууллагууд болон ихэнх төр, засгийн газрын тэмцэхийг зорьж буй хууль бус худалдаа, гэмт хэрэг, хар тамхи, байгаль орчин болон хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор, хохирол учруулах бодис, химийн хорт хог хаягдал зэрэг тоо томшгүй олон асуудлуудыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмрийг оруулдаг.
Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем буюу товчоор "Уялдуулсан систем" эсвэл "БТКУС" нь Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ/-аас гаргасан хэд хэдэн зориулалттай олон улсын бараа бүтээгдэхүүний нэгдсэн жагсаалт юм. Энэ жагсаалт нь 5000 орчим бүлэг бараанаас бүрдэх бөгөөд тус бүр нь 6 оронтой кодоор тодорхойлогдоно. Тэдгээр код нь хууль ёсны болон логик дарааллын дагуу зохион байгуулагдсан байх бөгөөд тодорхой дүрмүүдийн тусламжтайгаар бараа нэг мөр ангилагддаг. Өөрөөр хэлбэл таны хаана байгаагаас үл хамааран нэг төрлийн бараа нэг л кодод хамрагдана. Энэ системийг дэлхийн 200 гаруй орон гаалийн тарифын зориулалтаар болон олон улсын худалдааны статистик гаргах үндэс болгон хэрэглэж байна. Олон улсад худалдаалагдаж буй нийт барааны 98% нь БТКУС-ийн дагуу ангилагддаг.
Уялдуулсан систем нь гаалийн болон худалдааны үйл ажиллагаа, тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцоог уялдуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг учраас олон улсын худалдаа эрхлэхтэй холбогдон гарах зардлыг багасгадаг. Түүнчлэн засгийн газар, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэн дотоодын татвар, худалдааны бодлого, барааны хяналт шалгалт, гарал үүслийн орон, барааны тариф, үнийн монитор, квотод хяналт тавих, эдийн засгийн судалгаа, дүн шинжилгээ хийх зэрэг олон зорилгоор Уялдуулсан системийг хэрэглэдэг. Иймд уялдуулсан систем нь дэлхий нийтийн эдийн засгийн хэл, барааны код, олон улсын худалдаанд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл юм.
Уялдуулсан систем нь "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенци"-д захирагдана. Уялдуулсан системийн албан ёсны тайлбар нь ДГБ-аас гаргасан 5 боть Тайлбар Бичиг байна. Уялдуулсан системийг техник технологийн хөгжил, дэвшил болон олон улсын худалдааны хэв маягийн өөрчлөлтөөс хамааран тогтмол шинэчилж өөрчлөх нь ДГБ-ын эн тэргүүний зорилт юм. Мөн түүнчлэн ДГБ ангиллын нэг мөр хэрэглээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Хэрэгжүүлэгч байгууллага нь БТКУС-ийн тухай конвенцид нэгдэн орсон талуудын төлөөллөөс бүрдсэн Уялдуулсан Системийн Хороо /УСХ/ байна. УСХ нь бодлогын бичиг баримтыг боловсруулах, нягтлан шалгах, ангиллын асуултуудад хариу шийдвэр өгөх, маргаан шийдвэрлэх, БТКУС-ийн жагсаалтад болон Тайлбар бичигт оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэдэг. БТКУС-ийн жагсаалтад 5-6 жилд нэг удаа нэмэлт өөрчлөлт ордог. Ангиллын шийдвэр, Тайлбар бичгийн нэмэлт, өөрчлөлт зэрэг нь УСХ-оор батлагдснаас 2 сарын дараа хүчин төгөлдөр болдог. Эдгээрийг ДГБ-аас гаргасан хэвлэмэл материалаас олж үзэх боломжтой. /Classification decisions, Explanatory Notes, Compendium of Classification Opinions гэх мэт/